Зураасан зураг

1960-70-аад оноос эхлэн Монголын зураачид зураасан зургийн төрөлд авъяас билгээ сорьж, олон тооны уран бүтээл туурвиж эхэлжээ. Зураач Д.Мишигийн “Галч Хавдал”, “Заан Далдорж”, “Баяд эмгэн”, зураач Ж.Болдын “Амьдрал”, “Амьдралын хүрд”, Ц.Дагванямын “Цагаан сар”, С.Нацагдоржийн “Адуун сүрэг”, “Лимбэчин”, зураач Ц.Доржпаламын “Эрхитэй өвгөний хөрөг”, “Улаан дээлтэй өвгөн”, Б.Гомбосүрэнгийн “Чойбалсан”, П.Балдандоржийн “Хөвсгөл нуур”, Я.Оюунчимэгийн “Цэгмэдийн хөрөг” зэрэг усан будаг болон барын төрлөөр бүтээсэн олон сайхан бүтээлүүд төрж гарсан нь Уран Зургийн Галерейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг.
1990 оны ардчилсан хувьсгалын дараа дүрслэх урлагийн нийгэмд гүйцэтгэх үүрэг роль үндэсээрээ өөрчлөгдөж, чөлөөт сэтгэлгээний илэрхийлэл болж эхлэв. Өдгөө манай залуу уран бүтээлчид зураасан зургийн төрлийг улам төгөлдөржүүлж, шинэлэг уур амьсгалтай бүтээлүүдээ туурвиж байгаагаас онцолбол зураач Ш.Ядамсүрэнгийн “Хотын байгаль”, Д.Ганбаатарын “Уул” зэрэг бүтээлүүд энэхүү цахим хуудсанд шигтгээ болон орж байна.
Эдгээр бүтээлүүдийг та манай цахим хуудаснаас олж үзэх боломжтой.
Тайлбарыг Уран зургийн галерейн сан хөмрөгч, эрдэм шинжилгээний ажилтан О.Доржготов

Popularity: 37% [?]