Монгол Улсын соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уран хатгамлын урлагийг хөгжүүлэх, түүний сан хөмрөгийг арвижуулах, чанаржуулах, уран хатгамалчдыг дэмжих, тодруулах, хатгамлын урлагийн судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх, хатгамал сонирхогчдын хүрээг өргөжүүлэн охид, эмэгтэйчүүдийн оюун ухаан, гоо зүй, ур чадвар, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор “Уран хатгамалчдын улсын гуравдугаар уралдаан”-ыг зохион байгуулж байна. Тус уралдаан 2005, 2010 онуудад зохион байгуулагдаж байсан бол энэ удаагийн уралдааныг Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төвийн санаачилгаар БСШУСЯ, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн Газар, Соёлын Өвийн үндэсний төв, Монголын Уран Зургийн галерей, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, NZ сан хамтран зохион байгуулж байна.

Уралдаан 2018 оны 09 дүгээр сарын 22-23-ний өдрүүдэд Монголын Уран Зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. Тус уралдаанд 21 аймаг, нийслэлээс шалгарсан, ардын авъяастнууд болон мэргэжлийн уран бүтээлчид бүхий 120 гаруй оролцогч 300 гаруй уран бүтээлээр оролцохоор бүртгэгджээ.

Уралдаанд оролцох төрөл зүйл:

  1. Зүү ороосон
  2. Задгай буюу хөрөг хатгамал
  3.  Бусад буюу холимог хатгамал
  4. Мартагдаж буй соёлын өвийн сэргээж урласан хатгамал
  5.  Эсгий ширмэл
  6. Зоос ширээний сүлжмэл
  7. Зээгт наамал

Уралдааны шалгаруулалт:

Монгол Улсын уран хатгамалч цолтнууд, хамтран зохион байгуулж буй байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг шилдэгийг шалгаруулна.

Уран бүтээлийн ур хийц, загвар, өнгө зохицол, уламжлалт соёл, зан үйлийн онцлогийг тусгасан байдал, хэрэгцээ, зориулалт, нийгмийн ач холбогдолыг харгалзан ардын урлаачдын бүтээлээс удирдамжид заасан 7 төрөл тус бүрээр I, II, III, тусгай байр, Мэргэжлийн урлаачдын бүтээлээс удирдамжид тусгагдсан 2 төрлөөр I, II, III, тусгай байр тус тус шалгаруулан шагнана.

Энэ зарлагдсан 7 төрлөөр тэргүүн байранд шалгарсан уран бүтээлчдэд Монгол Улсын уран хатгамалч цол олгоно. Бүх шатны оролцогчдод Талархалын хуудас олгоно.

 

Мөн уралдаанд оролцогчдод зориулж хатгамаллах урлагийн хөгжил, ирээдүй, нийгмийн ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд зөвлөгөөн зохион байгуулна.

Хуваалцах: