0
Геологийн алба байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан уран зургийн үзэсгэлэн
Монгол улсад Геологийн Алба байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Эрдэс Баялаг Түлш Эрчим Хүчний Яам болон Монголын Урчуудын Эвлэл хамтаран нийт зураач, уран бүтээлчдийн дунд Монгол орны геологийн өвөрмөц содон тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газрууд, уул нурууд, гол мөрөн, хад цохио, говь, тал хээрийн гоо үзэмжийг уул уурхайн орд газрууд, тэнд ажиллаж буй хайгуулчдын ажил, амьдралтай хослуулсан, сэдэвчилсэн уран бүтээлийн уралдааныг зарласан бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн үзэсгэлэнг МУЗГалерейн үзэсгэлэнгийн танхимд 2009 оны 10-р сарын 16-23-ны хооронд зохион байгууллаа.
Энэхүү үзэсгэлэнд манай ахмад үеийн болон шинэ залуу зураачид зэрэг 130 гаруй уран бүтээлчийн 150 орчим бүтээл тавигдсан бөгөөд тухайлбал Монгол улсын УГЗ П.Балдандоржийн “Эрдэнэтийн өрхийг татав”, П.Цогзолын “Тамсагын хайгуул”, зураач Ч.Бизъяагийн “Гарьдын хад”, Д.Цэдэндоржийн “Хар азарганы нуруу”, Э.Сүхээгийн “Хэрмэн цав”, Г.Дунбүрээгийн “Ногоон цав”, Р.Алтанхуягийн “Уран дөш”, С.Төгс-Оюуны “Элсэн дээрхи завхан гол”, Л.Бумандоржийн “Судалбарууд”, Б.Бүдбаярын “Борооны дараа” гэх мэт үе үеийн авъяаслаг уран бүтээлчдийн олон сайхан бүтээлүүд тавигдаж, үзэгч олны оюуны мэлмийг мялаалаа.
Popularity: 7% [?]






