0
“УЗБЕКИЙН ГЭРЭЛ ЗУРАГ 125 ЖИЛД” ҮЗЭСГЭЛЭН
Узбек улс нь үндэсний соёл урлагийн өв уламжлалаа хадгалахын зэрэгцээ гэрэл зургийн төрлийг эртнээс хөгжүүлж ирсэн бөгөөд энэхүү үзэсгэлэнгээр Узбекийн ард түмний туулж ирсэн түүхэн замнал, соёл, зан заншил, орон нутгийн байгалийн үзэмж, орчин үеийн хөгжил цэцэглэлтийг гурван цаг үеийн байдлаар дэлгэн харуулсан ажээ.
Тухайлбал эхний хэсэгт ХIX зууны далаад оны сүүлч үед хамрагдах гэрэл зургууд нь тухайн цаг үед төв Азид Туркестан хэмээгдэж байсан Узбек улсад анх фото зураг дэлгэрч алс хязгаар энэ бүс нутгийн хүн ардын амьдралын хэв маяг, байгалийн өвөрмөц тогтоц эд бүгд өрнөд Европынхонд хачирхалтай санагдаж, олон тооны гэрэл зургууд хальснаа бууж өдгөө үлджээ. Чухамдаа энэ цаг үед амьдарч байсан Худайберген Диванов хэмээх уран сайхны гэрэл зураг сонирхон авч цуглуулдаг чинээлэг узбек эр тухайн үеийн Хорезмийн аж амьдралыг дэлгэн харуулсан олон тооны фото зургийг өнөө үед үлдээж чадсан нь энэ үзэсгэлэнд дэлгэгдэж буй ажээ.
Хоёрдугаар хэсэгт Дэлхий даяар асар их өөрчлөлт авчирсан ХХ зууны дунд үе гэхэд Узбекд гэрэл зураг ихэд түгэн дэлгэрч, дэлхийн II дайны үеийн хүнд бэрх жилүүдэд дайны хөлд үрэгдэн дайжиж ирсэн Оросын ард түмэнд хэрхэн тусалж байсан болон хуучин цагийн социализмийн үзэл суртал доор нийгмийн захиалгаар бүтээгдэж байсан гэрэл зургууд, түүнчлэн уран сайхны судалбар зургууд тавигдсан байна.
Үзэсгэлэнгийн гуравдугаар хэсэгт тусгаар тогтнолоо олж авснаар Узбекстан улс хөгжил дэвшилийн шинэ үе шатанд гарч хөгжиж буй өнөөгийн байдлыг дэлгэн харуулсан байна. Энэ хэсгээс та бүхэн өөрийн үндэстнийхээ өв соёлоо хадгалан үлдсэн Узбекийн ард түмэн түүхэн хувьсал өөрчлөлтийн цаг үеүүдийг даван туулж өнөөдрийн хөгжлийн манлайд хэрхэн хүрсэнийг шимтэн үзэх болно.
Энэхүү үзэсгэлэнг нээж Гадаад Харилцааны Яамны хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр, Узбекийн Гэрэл Зургийн Ордны захирал Жахан Изентаев, Монгол Узбекийн Найрамдлын Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Шижир, дэд захирал Н.Максим, МУЗГалерейн захирал А.Чадраабал нар нээж үг хэллээ.
Үзэсгэлэн 8-р сарын 3-наас 7-ныг дуустал үргэлжилнэ.
Та бүхэн энэхүү үзэсгэлэнг таалан соёрхоно уу
Монголын Уран Зургийн Галерей
Popularity: 9% [?]












