0
Өвөрмонголын нэрт зураач Үүрцайхын “Бөртэ Чоно, Гуа Марал” үзэсгэлэн
2010 оны 7-р сарын 26-ны 16 цагаас “Бөртэ Чоно, Гуа Марал” сэдэвт бар зургийн Олон Улсын Үзэсгэлэнгийн Аян нээгдлээ.
1969-04-р сард Өвөрмонголын жирэм аймгийн найман хошууны шар хоолой сумны ардын авъяастан Машбаярын 2-р хөвгүүн болж төржээ.
1990 онд Өвөрмонголын Багшийн Их Сургуулийн уран зургийн сургуульд элсэн орж 1994 онд амжилттай төгсөж сургуульдаа үлдэн багшилж байна.
Одоогоор Өвөрмонголын багшийн их сургуулийн баримал урлагийн хүрээлэнд дэд профессор. Дэд захирал , БНХАУ-ын уран зургийн дээд сургуулийн докторантад сурж байна.
БНХАУ-ын уран зургийн нийгэмлэгийн гишүүн, Хятадын залуучуудын холбооны гишүүн, Өвөрмонголын залуучуудын холбооны байнгын гишүүн зэрэг албан тушаалыг хариуцаж байна.
Үүрцайх нь сүүлийн 10 жилийн турш Монгол Үндэстний шүтээн болсон “Бөртэ Чоно Гуа Марал” тусгай сэдэвлэсэн бар зураг, хятад зураг, шуумал баримал зэрэг олон төрлийн бүтээл туурвиж үндэстний амин сүнс, хувь заяаг орчин үеийн байдалтай тусгаж олон түмэнд танигдсан юм.
2001 оноос эхлэн “Бөртэ Чоно Гуа Марал” сэдэвт бие даасан зургийн үзэсгэлэнг Хятадын Уран Зургийн Галарей, Өвөрмонголын Уран Зургийн Галарей, Герман, Рүмын, Малайз, Япон улс зэрэг олон оронд хэдэн 10 удаа гаргаж, мөн Дэлхийн 30 гаруй улс оронд урлаг, соёлын солилцоо хийж, Монгол Үндэстний Соёл урлагийг сурталчилан таниулж явсаар иржээ.
Тэрээр 2003 онд “Бөртэ Чоно Гуа Марал” зургаар БНХАУ-ын төрийн хамгийн өндөр шагнал болох “Алтан өнгө” шагналыг хүртсэн. Мөн 2006 онд Өвөрмонголын нэрт залуучуудын шагнал, 2007 онд Хятадын 10 нэрт цөөхөн тоот үндэстний гавьяат залуучуудаар сонгогдож, 2008 онд Хятадын шилдэг цол зэргээр шагнагджээ.
Энэхүү үзэсгэлэнд “Бөртэ Чоно Гуа Марал, Онгон торой”, “Бөртэ Чоно Амь нас Арвин Дөл” зэрэг 2010 онд шинээр бүтээсэн бүтээл тавигдаж байгаа ба уран бүтээлчийн Монгол дахь анхны үзэсгэлэн Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулагдаж байна.
Үүрцайхийн “Бөртэ Чоно Гуа Марал” сэдэвт зураг нь дүрслэх урлагт өөрийн гэсэн өвөрмөц байр суурийг хэдийнэ олж, бусдаас ялгарах өвөрмөц өнгө аяс бүхий авъяас чадварын охь болж чаджээ.
Үүрцайх нь уран бүтээлд тэнгэрийн нарны барааг олж харалгүй, харанхуйн элсэн шуурга дундуур цөхрөн мохордож гүйлдсэн сүрэг чоно, гандаж хуучирсан тооройн сүйдэрт гаслан орилох “Бөртэ Чоно”-ийг илэрхийлэн, энэ бүхнийг хүмүүсийн хөх тэнгэрт хөнгөн цагаан үүл нүүсэн хөдөө талын тэнгэрлэг зүүднээс цочоон сэрээж байна. Энэ нь түүний бүтээлийг олон түмэнд цог золбоотойгоор харуулах ажээ.
Үүрцайх нь чоноор сэдэв болгон ёгтол хүмүүнчлэл уран найраглалаар бар зургаа амилуулж мэргэшсэн. Тэрээр өөрийгөө дайчлан, байнга урагш тэмүүлж, гайхалтай бүтээлийг туурвисаар байна.
8 Сарын 3-ныг дуустал үзэсгэлэнг үзэж сонирхох боломжтой.













