0

Сэтгэлийн өнгө үзэсгэлэн-Хаан банк

ХААН Банкны төв байранд байрлах ХААН Банк Арт Галерей 2007 оны 12-р сарын 18-нд нээлтээ хийснээс хойш  өөр өөр хэв маяг, урсгал чиглэлийн уран бүтээлүүдийг харуулсан 30 гаруй үзэсгэлэн нээлтээ хийж олны хүртээл болоод байна. Өнөөдөр Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, зураач, Дүрслэх урлагийн дээд сургуулийн захирал Л.Бумандоржийн “Сэтгэлийн өнгө” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 2010 оны 6-р сарын 7-нд ХААН Банкны Арт Галерейд нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэнд зураачийн 50 гаруй бүтээлүүд тавигдсан бөгөөд монгол хүний нутаг ус, ахуй амьдралын хэв маягийг харуулсан гэр хороолол, байгалийн сэдэвт бүтээлүүд, мөн  сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжийг илэрхийлсэн абстракт зургийн бүтээлүүд зонхилжээ.
“Гэр хороолол”-ийн сэдэвт бүтээлүүд нь монголын өдөр дутмын амьдрал ахуйг хүүрнэж  неореалист байдлаар бүтээгдсэн зохиомж, өнгөний хувьд урьд өмнөх бүтээлүүдээс нэлээд өвөрмөц болсон бол “Байгаль” сэдэвт бүтээлүүдэд зохиомжийн төвийг хөдөлгөх, янз бүрийн хэсэгт авах, мөн олон төвт байдлаар ашиглахдаа уран зургийн ерөнхийлөн туурвих аргыг голлон хэрэглэж орон зай, талбайг бүтээсэн нь онцлог шинжтэй болгосон байна.
Абстракт бүтээлүүд нь нэлээд романтик, уянгалаг аястай, өнгөний маш нарийн зохицлыг хослуулах аргаар мэдрэмжийн үнэнийг өгүүлэхүй дуулалт шинжтэй бүтээлүүд болсноороо Монголын абстракт зургийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгожээ.
Зураачийн хийсвэр бүтээлүүд дэх өнгөний тоглолтууд нь баяр баясгалант мэдрэмжийг төрүүлэхийн зэрэгцээ бас сэтгэлийн өвөрмөц аяс, уянгыг хөглөж байгаа  нь гайхалтай.
Зураач Л.Бумандорж нь гадаадын олон оронд уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан манай нэртэй уран бүтээлч төдийгүй, сайн зохион байгуулагч хүн юм.
Үзэсгэлэн 2010 оны 6-р сарын 7-ноос 25-нд  ажлын өдрүүдэд гарах тул нийт урлагт хайртай үзэгч түмнийг ХААН Банкны Арт галерейд хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Popularity: 5% [?]

Сэтгэгдэл бичих