0

“Амжилттай Арван Тав” урлагийн залуу манлайлагчид төрлөө-Хаан банк

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Дэлхийн Банкны санхүүжилтээр соёл урлагийн салбарын залуу манлайлагчдыг бэлтгэх, тэдний мэдлэг, чадавхыг дээшлүүлж, хамтын ажиллагааг дэмжих замаар соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “Урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан  2009 оны 9-р сараас эхлэн хэрэгжүүллээ.

“Урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрт 18-25 насны нийт 15 залуу уран бүтээлч хамрагдаж, манлайлал, стратеги төлөвлөлт, оюуны өмч, маркетинг, олон улсын аялан тоглолт, соёлын аялал жуулчлал зэрэг зургаан удаагийн сургалтаар дамжуулан мэдлэг чадвар, хамтын ажиллагаа, өрсөлдөх чадвараа дээшлүүлсэн. Мөн тэд өөрсдийн маркетингийн багцыг МУЗ-тэй хамтран боловсруулж, “Амжилттай Арван Тав” буюу www.thef15.com вебсайтыг бүтээсэн.

Хөтөлбөрийн хүрээнд МУЗ-өөс “Амжилтын гарц” уран бүтээлчдийн гарын авлага боловсруулан хэвлүүлээд байна. Тус гарын авлага нь уран бүтээлчид шинэ бүтээлд хэрхэн ивээн тэтгэлэг олох, сан бүрдүүлэлт хийх, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, төлөвлөлт, менежмент, маркетинг  хэрхэн хийх, гадаадад аялан тоглоход юуг анхаарах болон олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дөхөм болох зорилготой юм. “Амжилтын гарц” уран бүтээлчдийн гарын авлага нийт 500 хувь хэвлэгдэж, уран бүтээлчдийн гар дээр очиход бэлэн болгоод байна.

Тус хөтөлбөрт хамрагдсан 15 манлайлагчдын “Амжилттай Арван Тав” төгсөлтийн арга хэмжээг Хаан Банкны дэмжлэгтэйгээр энэ оны 2-р сарын 8-ны 17:30 цагаас Хаан Банк Арт Галерейд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээний үеэр “Амжилттай Арван Тав” залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн, вебсайтын нээлт, “Амжилтын гарц” гарын авлагыг танилцуулга, шинэ залуу манлайлагчдад гэрчилгээ олгох ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн “Амжилттай Арван Тав” залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн 2-р сарын 8-наас 12-ны хооронд Хаан Банк Арт Галерейд үргэлжиллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Хөтөлбөр зохицуулагч Б. Номинтуяатай 319015 болон 99898918 дугаарын утсаар холбогдож авна уу.

Popularity: 3% [?]

Сэтгэгдэл бичих