Сийлбэр

Монгол түмэн ардын гар урлалын арвин их өвтэй бөгөөд 1950-иад оноос тухайн үеийн төр засгаас арга хэмжээ авч, гар урчуудын нэгдэл, артель байгуулж хөхүүлэн дэмжиж байснаар манай урчуудын залгамж халаа тасралгүй үргэжилсээр өдгөө бидний үед иржээ. Уран Зургийн Галерейн сийлбэрийн сан хөмрөгт нийт 460 орчим бүтээлүүд хадгалагдах агаад мод, яс, чулуу, төмөр зэрэг бүхий л төрлийн материалаар урласан хосгүй үнэт бүтээлүүд байдаг.
Дэлхийд ховордож, улаан номонд орсон зааны соёогоор урласан цөөн тооны бүтээлүүд урлагдсан байдгаас Монгол улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн С.Сэнгээгийн “Бөхийж үзээгүй туг”, “1921 оны ялалт”, “Халх голын ялалт”, “Хавар адууны бригад”, “Үхэр хөсгийн цуваа”, “Сүхбаатарын хөшөө”, “Гурван давхар бөмбөлөг”, Ардын зураач, УГЗүтгэлтэн Л.Чуваамид “Энхийн төлөө”, “Дэвшил соёмбо”, “Их жанжин Д.Сүхбаатар”, “Лениний хөрөг” зэрэг бүтээлүүд тус галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж иржээ. Амьд зааны соёог агнаж авахыг дэлхий нийтээр хориглосон өнөө цагт эдгээр үзмэрүүд нь цаг ирэх тусам уран сайхны үнэ цэнэ нь нэмэгдэх болно. Ялангуяа олноо “Уран” хэмээн алдаршсан С.Сэнгээ агсны “Гурван давхар бөмбөлөг”, “Бөхийж үзээгүй далбаа” үзмэрүүд нь зохиомж, хийц, ур чадвар, гүйцэтгэлийн хувьд хэзээ ч давтагдашгүй, сонгодог бүтээлүүд юм.
Түүнчлэн Монгол дарханы уламжлалт арга барилыг шингээн урласан уран дархан Д.Дамдины “Ган хөөрөг”, Ц.Сумъяа “12 түлхүүртэй цоож”, цутгуурын аргаар урласан М.Мижирийн “Хурдан морь” зэрэг бүтээлүүд тус галерейн сийлбэрийн сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Дамдины “Ган хөөрөг” нь хуучин Халхын Далай Чойнхор вангийн хошуунд хөгжиж асан ган сийлбэрийн арга барилаар бүтээгдсэн бүтээл бол Ц.Сумъяагийн “12 түлхүүртэй цоож” 12 жилийн амьтадын дүрстэй 12 түлхүүртэй бөгөөд уг түлхүүрүүдийг 12 жилийн дэс дараалалаар нэг нэгээр нь цувуулан хийсний эцэст сая цоожийг нээдгээр хийсэн ур хийц, оньс түгжээний хувьд гайхалтай цогц шийдэл болж чаджээ. Монголчууд “Дархан хүмүүн Бурхан ухаантай” хэмээн хэзээнээс нааш урчууд, дархчуулынхаа ур, ухааныг гайхан магтдаг нь үүний нотлогоо ажээ.
Мөн Монгол гар урчуудын их өвийг үргэжлүүлж явсан уран сийлбэрч Р.Төртулгын урласан “Хуучир нум” хөгжим, Үйлдвэр хоршооны гар урчуудын бүтээсэн “Гоёлын толь” бүтээлүүд нь ур хийц, чимэг тоноглол, хээ угалзны хувьд ахин давтагдашгүй үлгэр жишээ болохуйц бүтээлүүд билээ. Ийнхүү манай үе үеийн уран бүтээлч, зураач, сийлбэрч, гар урчууд, дархчуулын бие сэтгэл юугаан шингээн бүтээсэн урлагийн арвин их өвөөс та бүхэндээ энэхүү цахим хуудсаар дамжуулан хүргэж буйдаа таатай байна.

Тайлбарыг сан хөмрөгч, эрдэм шинжилгээний ажилтан О.Доржготов

Popularity: 27% [?]